Б.Энхтуул /Цагаан өнгөтэй малгайтай цамц өмсөөд, ном уншиж сууж байгаа нь/
“UB лавлах 1617”, “Монголын Психотроникийн хүрээлэн”-ээс санаачлан хэрэгжүүлж буй “Оюунm Монгол” жилийн аяныхаа хүрээнд бид ном унших сэдлийг төрүүлж, номонд дуртай хүүхдүүдийг урамшуулж, хүүхдийн нас, сэтгэхүйд тохирсон номоор баялаг зөөврийн номын сангаар зуслангийн хүүхдүүдэд үйлчилж, зуслангуудаар төрөл бүрийн уралдаан зарлаж байгаа билээ. Түүний нэг нь Олон Улсын хүүхдийн “Найрамдал” төвд зарласан “Ном бидний амьдралд” эсээ бичлэгийн уралдаанд түрүүлсэн Б.Энхтуултай охинтой ийн хөөрөлдлөө. Түүний эсээ 75 бүтээлээс тэргүүн байр эзэлсэн бөгөөд “Оюунт Монгол” аяны түүчээ оролцогчдын нэг юм.
Өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Батбаярын Энхтуул гэдэг би 96 дугаар сургуулийн 9 дүгээр ангид сурдаг. Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд амрах хугацаандаа “Оюунт Монгол” аянаас зарласан эсээ бичлэгийн уралдаанд оролцсон.
Эсээ бичлэгийн хувьд сэдэв нь ямархуу санагдсан бэ?
“Ном бидний амьдралд” гэдэг нь их өргөн хүрээтэй сайхан сэдэв байсан. Учир нь олон төрлийн ном, мөн номоос сэдэвлэн бүтээсэн кино ч бас байдаг. Кино үзсэнээс илүү номоос унших нь илүү дэлгэрэнгүй, содон зүйлийг олж хардаг бөгөөд хүнд гоо зүйн хүмүүжил олгодог. Энэ аяныг би ном мэдлэгт хүрэх хамгийн том гүүр шүү гэдгийг ойлгуулахын тулд явагдаж байгаа гэж бодож байна.
Оюунт Монгол аянаас Найрамдал зусланд зарласан эсээ бичлэгийн уралдаанд түрүүлсэн энэхүү эсээгээрээ юуг илэрхийлэхийг хүссэн бэ?
Хүн ном уншсанаар өөрийгөө илүү нээж байдаг. Бас ном уншихад өөрөө гол дүрд нь тоглож байгаа юм шиг маш их догдолдог. Мөн номыг уншаад төсөөлөн бодоход би хажууд нь байгаа юм шиг зураглал буудаг. Яагаад гэвэл хүн ном уншсанаар бусадтай чөлөөтэй харилцаж, зөв ухаарал, ухамсрыг авч, хөгжиж, өөрийгөө нээж байдаг. Миний үеийн хүүхдүүд ихэвчлэн адал явдалт, уран зөгнөлт зохиолыг сонирхох нь элбэг. Амьдрал бол номыг бүтээдэг. Яагаад гэвэл ном хэзээ ч хуучирдаггүй. Ном өнгөрсөн, ирээдүй, одоо цагийг агуулж байдаг гэдгийг тусгасан.
Ер нь үе тэнгийнхэн чинь номонд хэрхэн ханддаг вэ?
Миний насны хүүхдүүд зун зуслан явчихдаг. Чөлөөт цагаа зөв зохицуулж чадахгүй, мөн хичээл нь давхцаж байгаагаас шалтгаалан ном уншиж чадахгүй байгаа тохиолдол цөөнгүй байна. Жишээ нь: Би “Хүүхдийн Урлан Бүтээх” төвд явдаг байсан бол хичээл давхацсанаас хойш явахаа больсон. Гэлээ ч өөрийгөө боловсруулж, ном унших цаг зав гаргах ёстой л доо. Иймээс сургуулийн номын сангаас гадна ном түгээгүүрийн газрыг олноор нь байршуулж, хүмүүст номыг түгээн дэлгэрүүлэх шаардлагатай.
Хоёулаа “Оюунт Монгол” аяны талаар нэлээдгүй ярилаа. Сургууль дээрээ ямар сонгуулт ажилтай вэ?
Би ангидаа салааны дарга хийдэг. Би өөрөө англи хэлний гүнзгийрүүлсэн ангид сурдаг. Манай сургуулийн номын санч ааш зан сайтай, сайхан хүн байдаг. Тиймээс бид хүссэн цагтаа үйлчлүүлж хичээлээ давтаж, ном уншдаг. Манай сургууль бол хөл бөмбөг, бүжгийн төрлөөр ихэвчлэн амжилт гаргадаг.
Номыг хэзээнээс унших болсон бэ?
Долдугаар ангиасаа уншиж эхэлсэн. Тэр үед ах минь надад “Цагаан бээлий” гэдэг роман өгсөн. Тэгээд би номынхоо хавтасыг ажиглаад хараад байсан чинь надад ном унших хүсэл төрсөн. Түүнээс хойш би ном унших дуртай болсон. Одоо бол зав чөлөө гарах бүртээ хэдэн цагаар ч хамаагүй ном уншаад суучихдаг. Хүн ер нь цагийг үр бүтээлтэй өнгөрөөх тусам цаг хурдан явдаг юм билээ.
Номоос уншсанаа амьдрал дээр хэр хэрэгжүүлж байна?
Номыг уншаад аливаад бүтээмжтэй хандаж, бусдыг илүү их хайрлах болсон доо. Олон ном унших нь гол нь биш, номыг ойлгож уншихыг чухалчилдаг.
Хэдүүлээ амьдардаг вэ? Гэрийнхнээс чинь ном унших дуртай хүн байгаа юу?
Аав, ээж, эгчтэйгээ хамт амьдардаг. Манай ээж ном унших дуртай. Орой ажлаасаа ирээд ном уншиж суух нь сайхан санагддаг. Саяхан манай ээж “Монте Кристо гүн” романыг уншсан. Түүнийг нь би бас унших гэж байгаа. Саяхан би “Оюунт Монгол” аянаас авсан шагналынхаа номыг уншиж дуусгасан. Тэр номонд хүн хүсэл мөрөөдөлдөө үнэнчээр зүтгэж чадвал юунд ч хүрч болдогийг харуулдаг.
Хүн бүр өөр өөрийн гэсэн ном унших аргатай байдаг. Чиний хувьд?
Номын хавтасыг удаан гэгч нь эргүүлж тойруулж үзээд ном унших хүсэл бадарсан үед нэг суултаар уншиж дуусгадаг. Хамгийн гол нь бүтээмжтэй буюу номыг ургуулан бодож унших хэрэгтэй гэж би боддог. Ер нь ном гоё хавтастай, өвөрмөц нэртэй байх хэрэгтэй.
Хүсэл мөрөөдөл чинь юу вэ?
Би тогооч болохыг хүсдэг. Тогооч мэргэжилийн хүмүүс амарха мэргэжил гэж хардаг бол би анхаарал, ур чадвар, тэвчээр шаардсан, нарийн чимхлүүр ажил ихтэй гэж боддог. Тийм ч учраас би тогооч болохоор шийдсэн.
Яагаад тогооч болохоор шийдсэн юм бэ?
Намайг бага байхад “Тэ Жыангум” гэдэг кино гардаг байсан. Жамгум бол багаасаа зовлон үзсэн ч хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж хааны ордны шилдэг тогооч болдог. Амьдралынх нь зам хэдий их бэрхшээл зовлон таардаг ч тэр бүхнийг өөрийн уйгагүй хичээл зүтгэлээр даван гарч, хүсэл мөрөөдөлдөө хүрч чадсан нь надад таалагдсан. Би яг Тэ Жангум шиг хийсэн ундаараа бусдад сайхан сэтгэгдэл үлдээж, эерэг энерги түгээнэ.
Цаашдын зорилго нь юу вэ?
“Оюунт Монгол” аянаас зарласан уралдаанд амжилтттай оролцохыг хамгийн чухал зорилгоо болгоод байна. Мөн ёсдүгээр ангиа онц дүнтэй төгсөхийг хүсч байгаа.
Амьдралынхаа нандин дурсамжуудаас хуваалцвал?
Ээжийн төрсөн өдрөөр хонгорзул цэцэг авах гээд ааваасаа мөнгө аваад өнөөх цэцэгээ орой болтол хайсны дүнд олсон. Тэр үед намайг оройтсонд ээжийн санаа нь зовсон байсан ч “ээжээ, охин нь танд хонгорзул цэцэг авчирлаа” гээд өгөхөд ээж их баярлаж байсан. Ном уншихад ээж минь л намайг их дэмждэг дээ.
Үе тэнгийнхэндээ хандаж юу гэж хэлмээр байна?
Номын ашиг тус хязгааргүй тул та бүхэн номын сайн уншигч болж, аав, ээж, ах, эгчийнхээ үгэнд сайн орж байгаарай. Мөн аав, ээж, эгчдээ хайртай шүү гэж хэлмээр байна. Охин нь та нарынхаа ачийг хариулсан сайн хүн болно.
Хэнтэй ч ярьсан эвлэгхэн ярьчихдаг, үгийн баялаг сайтай энэ охины өөртөө итгэлтэй байдал нь түүнийг чимнэ.
No comments:
Post a Comment