“UB лавлах 1617”, “Монголын Психотроникийн Хүрээлэн”-ээс санаачлан хэрэгжүүлж буй “Оюунт Монгол” аян зуслангуудаар амжилттай хэрэгжсээр номын сайн нөхөр, шилдэг уншигчид болон өвөрмөц хүүхдүүдийг нээн илрүүлсээр байгаа билээ. Эдгээр өвөрмөц хүүхдүүдийн нэг болох Б.Чимэгдарь охинтой ярилцлаа. Тэрээр 16 настай бөгөөд Солонгос хэлийг зургаан сарын дотор эзэмшжээ.
Сайн байна уу? Өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Бат-Энхийн Чимэгдарь гэдэг. Би 113-р сургуулийн 10 дугаар ангид сурдаг. “Ундраа” зуслангийн дөрөвдүгээр ээлжинд амарсан. Амрах хугацаандаа “Оюунт Монгол” аянд оролцсон. Аяныг ахлагч ах эгч нар ном уншихын утга учир, ач холбогдлын тухай ярьж хүүхдүүдэд ойлгуулсан. Мөн энэхүү аянд амжилттай, идэвхтэй оролцсон үе тэнгийн найзууд маань нэгдэж “Оюунт Монгол” аяны хүрээнд дан сурагчдаас бүрдсэн номын бүлгэм байгуулж байгаад баяртай байна.
“Оюунт Монгол” аянд оролцоод өөртөө юуг олж авсан бэ? *
Их зүйлийг олж авсан. Номыг дээдэлж, хүндэлдэг номонд дуртай олон найзтай болсон. Гурван ном уншсан. Мөн үеийнхэнтэйгээ ном уншаад суухад тэднээс суралцах зүйл их байсан. Сүүлд би Барак Обамагийн бичсэн номыг уншсан. Тэнд гарсан хүмүүсийн итгэл найдвар таалагдсан.
Хүсэл мөрөөдөл нь юу вэ?
Эмч болно. Яагаад гэвэл би хүсэл мөрөөдлөө хэзээ ч орхихгүй гэж боддог. Бас манай ойрын төрлийн хамаатнууд ихэнх нь эмчээр ажилладаг. Хүний амийг авардаг буянтай ажил хэмээн сэтгэж, эмч хүнээр би бахархаж явдаг.
Хэдүүлээ амьдардаг вэ?
Ээж Солонгост, аав Австралид байдаг болохоор эмээ өвөөтэйгөө хамт амьдардаг. Өвөө маань номын сандаа түүхийн ном цуглуулдаг бөгөөд “Чингис хааны цадиг” номонд дуртай. Түүнийгээ байнга уншдаг юм. Харин би өөрийн сонирхсон номоо унших дуртай.
Солонгос хэлийг зургаан сарын дотор сурсан гэсэн. Энэ тухайгаа сонирхуулаач?
Хилийн дээсийг хамгийн анх ээжтэйгээ уулзах гэж алхсан даа. Тэгэхэд би 12 настай байсан. Ээж намайг хэл сургах гэж надтай үргэлж Солонгосоор ярьж, үргэлж дэлгүүр явуулна. Хаашаа ч харсан Солонгос хүмүүс. Тэгээд миний танидаг эгч надад үсэг зааж, ном өгсөн. Тэр номыг нь би орчуулгын толь ашиглан утгыг нь гаргаж, үсэглэж, дуудсаар байгаад солонгос хэлийг ойлгож, солонгос хэлээр чөлөөтэй ярих болсон. Дөрвөн жилийн дараа эх орондоо ирээд монгол хэлээрээ ярих гэтэл үгийн баялаг муутай болчихсон байсан. Ном унших болсноор энэхүү дутагдал засагдаж, сайжирч байгаа.
Холын хүнээс үг дуул гэдэг дээ?
Эх орон биш хүний нутаг гэдэг утгаараа амьдралыг сайн ойлгодог болсон гэж боддог. Өвлийн амралтаараа ээжтэйгээ хамт арбат /цагийн ажил/ хийгээд явдаг байсан. Хэдийгээр ээж минь миний сургалтын төлбөрийг төлөөд, өмсөх хувцас, идэх хоолоор хангалуун өсгөсөн ч энэ бүхнийг ганцаараа хийж байгаа ээжийгээ хараад дэм болъё гэж бодсон. Тэгээд би ажил хийгээд өөрийгөө болгодог байсан. Хичээл бас их чухал учраас хичээлээ хийгээд давхар давхар амжуулаад явдаг байсан.
Монголд ирээд Солонгос хэлээ хэр ашиглаж байна даа?
Аялал жуулчлалын газар, сүмд орчуулагч хийдэг. Хааяадаа хүмүүст туслаж орчуулга хийдэг. Зун болохоор сүмийн хүмүүс хөдөө гадаа их явна тэр болгон дээр сонирхсон зүйлийг нь тайлбарлан танилцуулж өгдөг дөө. Солонгос хэлээр ном унших дуртай.
Солонгос хэлээр дуртай номоо орчуулаад түгээх бодол байдаг уу?
Би “Дэлхийгээ хайрлацгаая” гээд Солонгос зохиолын ном уншсан. Энэ зохиол дээр хүүхдүүдийн мэдвэл зохилтой, зөв мэдээлэл агуулсан зүйл олон бий. Үүнийг орчуулаад түгээх юмсан гэж бодож байгаа.
Солонгос Монголын зохиолууд юугаараа ялгаатай байна?
Сэтгэлгээний хувьд ижилхэн. Хоорондоо ялгаатай зүйл ажиглагдаагүй.
Сургалтын чанар ялгаа нь манай дунд сургуулиудаас юугаараа ялгаатай байна?
Солонгост нэг хичээлийг хүүхдүүдийн сэтгэлд шингэтэл заадаг. Учир нь тэд нэг үзсэн хичээлээ баяжуулаад гурван хоног заадаг бол Монголд нэг хичээлийг үзчихээд дараагаар нь шууд өөр хичээл үздэг.
Монгол улсын хөгжил юунаас эхлэх вэ?
Иргэд нь ямар байна түүнээс шалтгаалдаг. Манай Монголчууд таарсан газраа хог хаяж, хараалын үг их хэрэглэдэг. Улсаа хөгжүүлье гэж бодож байвал хамгийн түрүүнд хогоо зориулалтын саванд хийж, муухай үг бүү хэлээч. Улс орны хөгжил өөрөөс чинь өөр хэн нэгнээс бус зөвхөн таниас шалтгаална.
Цаг хугацааг хэр үнэ цэнэтэй зүйл гэж боддог вэ?
Агшин хором бүр үнэ цэнэтэй. Багаасаа өөрийгөө хөгжүүлээд, тоглодог байсан цагаа ном уншихад зарцуулсан бол өдийд өөр түвшинд хүрчихсэн явж байх байсан юм гэж бодоод харамсаад байдаг юм. Солонгос хүүхдүүдийг ажихад таван наснаасаа эхлэн дугуйлан, сургалтанд явж өөрийгөө тодорхой хэмжээгээр хөгжүүлж байдаг.
Чиний хувьд эх орон гэж юу вэ?
Судасны минь лугшилт, зүрхний минь цохилт, амьсгалж буй агаар минь миний эх орон юм. Эх оронд өөр хаана ч байдаггүй эрх чөлөө байдаг. Үүнээс гадна байгалийн баялаг, уур амьсгал, агаар гээд л сайхан зүйл олон бий. Гадаадад амьдрахад бачимдах үе гардаг байсан шүү. /Инээв/
Багаасаа хөдөлмөр, хичээл зүтгэлээр хүмүүжсэн энэ Чимэгдарь охины цаашдынх нь амьдралд амжилт хүсье. Хүсэл мөрөөдөлдөө заавал хүрээрэй.
No comments:
Post a Comment