Friday, July 29, 2011

А.Дөлгөөн: Би хоёр дүүгээ ном уншдаг болгоно гэж боддог

 
Номыг хаанд өргөмжилж, номыг дээдлэсэн “Оюунт Монгол” аяныг  UB лавлах 1617”, “Монголын Психотроникийн хүрээлэн” санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү аяныг “Нийслэлийн хүүхдийн төлөө газар”, “ЗГХА Соёл урлагийн хороо”, “Нийгмийн Ардчилал” МЗХ, “Равжаа медиа” ТББ, “Сод Номун” ТББ, “Эмпати” төв дэмжин ажиллаж байгаагаас гадна “Оюунт Монгол” аян зуслангуудад амжилттай хэрэгжсээр номын сайн нөхөр, шилдэг уншигчид болон өвөрмөц хүүхдүүдийг нээн илрүүлсээр байгаа. Эдгээр хүүхдүүдээс шилдгээр тодорсон 11 настай А.Дөлгөөн охинтой ярилцлаа. Тэрээр “Номын сайн нөхөр, шилдэг уншигч”-аар шалгарсан хүүхдүүдээс хамгийн бага нь юм.
Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаач?
Намайг Амартүвшин овогтой Дөлгөөн гэдэг. Би 62-р сургуулийн 5а ангид дэвшин суралцана. Би 11 настай.
Зуны амралтаа хэрхэн яаж өнгөрүүлсэн бэ?
Би Төв аймгийн  “Цагаан нуга” зусланд долоо хоног амраад ирлээ. Амрах хугацаандаа зуслан дээр хэрэгжсэн “Оюунт Монгол” аянд оролцож “Номын сайн нөхөр, шилдэг уншигч”-аар шалгарсан.
“Оюунт Монгол” аяны ах, эгч нар нь юу сургав?
“Цагаан нуга” зуслан дээр “Оюунт Монгол” аяны Б.Ууганбаяр, Б.Баярмагнай ах ирсэн. Тэд “АХА “, Ертөнцийн гурав зохиох, оньсого таалгах зэрэг сонирхолтой уралдаануудыг зарлаж, аав, ээжийн ач тус хайр энэрэлийн тухай олон сайхан түүх ярьж өгсөн. Ярьсан түүх нь бидэнд баяр хөөр, ухаарлыг хайрлаж, бидэнд хүссэн номыг минь өгч их тусласан даа. 
Номын бүлгэм байгуулсан тухайгаа яриач?
Зуслангуудын шилдгээр шалгарсан хүүхдүүд нэгдэж, номын бүлгэм байгуулсан.Бид багийн зохион байгуулагчаар Г.Маргад, А.Тэнгис ахыг сонгосон. Бидний дунд “Номын сайн нөхөр, Д.Нацагдорж тэмдэгтэн” уралдаан зарласан бөгөөд бид өөр хоорондоо өрсөлдөж шилдгийн шилдгээ шалгаруулах юм. Намар хичээл орохоор энэхүү аянаа үргэжлүүлж сургууль дээрээ номын бүлгэм байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.  “Оюунт Монгол” аян бидэнд номын сайн нөхрийг олж найзлахад  тус болж байгаа.
Тэмцээн уралдаанд орж байсан уу?
Өмнөх хичээлийн жилд С.Алтанцэцэг багшийн нэрэмжит математикийн олимпиад болсон. Манай ангиас хоёр медаль авснаас би мөнгөн медаль авсан .Мөн Дүүргийн  “Математик”-ийн олипиадад гуравдугаар байр эзэлж, Улсын “Математик”-ийн олимпиадад 13 байранд шалгарч байсан.
Хүсэл мөрөөдөл нь юу вэ?
Би загвар зохион бүтээгч болохыг хүсдэг. Хамгийн эхнийхээ загварыг би дүү дээрээ туршаад эхэлчихсэн. Дүүдээ зориулан даашинз оёсон юм. Голчлон гоёлын даашинзны загвар зохиодог.  
Хэдүүлээ амьдардаг вэ? Гэртээ номын сантай юу?
Би аав, ээж, хоёр дүүтэйгээ амьдардаг. Манай гэрийнхэн номыг дээдэлдэг сайхан хүмүүс байдаг.  Би номын сантай болох гээд номоо цуглуулж байгаа. Мөн найзууд дундаа номын бүлгэм байгуулсан. Бүлгэм дотроо бид уншсан номынхоо тухай ярина, номоо солилцоно. Маадай гэдэг найзындаа номоо цуглуулна, эмээ нь хүртэл биднийг дэмжээд ном бэлэглэдэг.
Дүү нар нь ном уншиж байна уу?
Хамгийн бага дүү минь хоёр ой хүрч байгаа, харин нөгөө дүү маань таван настай. Манай дүү нар үсэг бичиг мэдэхгүй хэрнээ номын хавтсыг нь хараад инээдэг. Тэгэхээр нь би хоёр дүүгээ ном уншдаг болгох юмсан гэж бодоод таван настай дүүдээ үсэг бичиг зааж өгч байгаа.  “А” үсэг бичих гэж бид хоёр их будилдаг даа.
Ном унших зав чөлөө хэр гарч байна?
Манайд нэг эзэнгүй байшин байдаг юм. Би хоёр дүүгээ унтуулчихаад тэр байшиндаа орж ном уншдаг. Харин таван настай дүү минь унтахгүй байвал дуу, шүлэг зааж өгнө. Бас зураг  зурах дуртай. Аав, ээж минь зураг сайхан зурдаг. Би тэр авьяасыг нь дуурайсан.
Сургууль дээрээ сонгуульт ажилтай юу?
Анги дотроо бид бүгдээрээ хамтлагтай. Манай хамтлаг тектоник бүжгээр дагнаж байгаа. Энэ  жил манай “Бялзуухай” хамтлаг тектоник бүжгээрээ сургуулийнхаа урлагийн үзлэгт ороод алтан медаль авсан.
Шүлэг бичдэг гэсэн. Бичсэн шүлгээсээ сонирхуулаач?
Эрдэмтэн хүний найз нь ном
Эрдэм номын дээд нь ном
Сайн хүүхдийн багш нь ном
Ном бол бидний найз
Үүнийг би урлагийн үзлэгийн үеэр зохиосон. Уг нь 12 мөрт байх байсан юм. хассаар байгаад дөрвөн мөрт болгочихсон. Бас ээждээ зориулж төрсөн өдрөөр нь шүлэг бичиж байсан. 
Төрсөн өдрөөр нь шүлэг бичиж байсан гэлээ. Ээжийгээ зөндөө баярлуулж байсан байх даа?
Анх хоёрдугаар анги дэвших  шалгалтаа 100 хувиар онц өгөхөд ээж минь их баярласан. Цэцэрлэгт байхдаа “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээнд амжилттай оролцоод ээжийгээ баярлуулж байсан.
 “Оюунт Монгол” аяны “Номын сайн нөхөр, шилдэг уншигчаар тодорсон А.Дөлгөөндөө амжилт хүсье.

No comments:

Post a Comment