Нийгмийн бүхий л хүрээг хамарсан “Оюунт Монгол” аян нь “Уншин ухааръя” хэмээх уриатайгаар мянга мянган хүүхэд залуусын оюуныг халааж Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” төв, “Цагаан нуга”, “Ундраа”, “Сэлбэ” зуслангуудад амжилттай хэрэгжиж байна. Тус аян нь эдгээр зусланд хүүхэд залуус төдийгүй багш нарыг хамруулж байгаагаараа онцлогтой юм.
“Оюунт Монгол” аяны хамт олон энэ удаад Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” төвийн VI ээлжийн хаалтын үйл ажиллагаан дээр “Номын сайн нөхөр шилдэг уншигч”, “Бүлэг удирдагч шилдэг багш”-ийг тодруулан өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж, хийсэн ажлаа дүгнэлээ.
Тус арга хэмжээг Олон Улсын “Найрамдал” төвийн захирал Т.Түвшин нээж үг хэлсэн бөгөөд БНСАУ, Өвөр Монголын Өртөө засах орны төлөөлөгчид, “Оюунт Монгол” аяны маркетингийн менежер Б.Зулжаргал, “Найрамдал” төвийн багш нар, амрагч хүүхдүүдийн хамтаар VI ээлжийнхээ үдэлтийг хийж, шилдгүүдээ тодруулсан.
Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд гадна дотны олон байгууллага үйл ажиллагаагаа явуулснаас “Оюунт Монгол” аянаас зарласан “Номын сайн нөхөр шилдэг уншигч”-аар МУИС-ийн Эрх зүйн I курсийн оюутан Б.Хэрлэн, “Бүлэг удирдагч шилдэг багш”-аар “Оч” бүлгийн багш Г.Одбаяр тодорсон бөгөөд Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” төвийн захирал Т.Түвшин “Найрамдал төвд олон чухал үйл явдал болсны нэг нь Оюунт Монгол аян юм. Хүүхдүүдийг номтой нөхөрлүүлж, ном унших сэдлийг нь төрүүлж, оюунд нь хөрөнгө оруулах болсон аяныхандаа амжилт хүсье. Цаашдаа энэхүү аяныг дэмжих болно” гэв.
Мөн “Ундраа”, “Сэлбэ”, Цагаан нуга” зуслангуудыг хамарч байгаа “Оюунт Монгол” аян нь шилдгүүдээ тодруулсан бөгөөд “Ундраа” зуслангийн “Номын сайн нөхөр шилдэг уншигч”-аар МУИС-ийн Биологийн ангийн оюутан Ч.Дуламсүрэн, “Бүлэг удирдагч шилдэг багш”-аар Андууд бүлгийн багш Б.Оюун-Эрдэнэ нар тодорсон бол “Сэлбэ” зуслангаас Нийслэлийн 84-р сургуулийн 8ё ангийг төгссөн Б.Шинэхүү, бүлгийн багш Б.Ариун нар шилдгээр тодорчээ. Харин идэвхтэн уншигчаар “Сэлбэ” зусланд амрагч Нийслэлийн 97-р сургуулийн 8а ангийг төгссөн М.Бат-Оргил тодорсон байна. Цаашид энэхүү аян үргэлжиж, илүү өргөн хүрээг хамрах аж.
No comments:
Post a Comment